Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн үр дагаварууд

Khongorzul Amarsanaa
3 min readMar 13, 2018

--

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь урт ба богино хугацаанд хувь хүний нийгэм сэтгэл зүйн бүхий л хүрээнд сөрөг үр дагаварыг үзүүлсээр тухайн хүнийг хохироосоор байдаг. Улмаар ул орны нийгэм- эдийн засгийн хөгжилд нөлөөлж байдаг. Дийлэнхи хохирогч/даван туулагчид амьдралынхааа туршид хүчирхийллийн сөрөг дурсамжууд, үр дагаваруудыг даван туулж байдаг.

Хүчирхийллийн хохирогчид өдөр тутмын амьдрал ахуйгаа эрүүл аюулгүй байдлаар удирдан жолоодохдоо олон бэрхшээлүүдтэй тулгарна. Оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодь, зан үйлийн хувьд гэмтэж цочролд орсон байдаг тул зайлшгүй мэргэжлийн тусламж шаардлагатай.

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн үр дагавар:

Өөрийн бие, сэтгэл зүй, оюун ухааныг мэдрэхгүй байх, мэдэрхүйд өөрчлөлт орно (энэ нь ялангуяа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол, эсвэл олон жилийн хүчирхийлэлд дунд амьдарсан тохиолдолд). Хүчирхийллийн үед оюун ухаан “хаагдаж”, улмаар бусад ямар нэг стресстэй үед энэ “хаалттай” байдал нь даван туулах арга болно. Хүчирхийллийн үед сэтгэл хөдлөл давамгайлж хүний ухамсартайгаар аливаа үйлдлийг бодож тунгаах, шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог. Энэ нь өөрт буй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг одоо цаг дээр мэдрэх, анзаарахгүй байх явдал юм. Жишээлбэл, бид шүдээ угаахдаа автоматаар угаадаг шүү дээ, аль гараараа сойзоо барьж шүдээ хэрхэн угааж байгаагаа бид анзаардаггүй, мэдэрдэггүй. Мөн, нохой дайрахад бид автоматаар нохойг айлгах, гүйх, хашгирах гэх зэрэг үйлдэл гаргадаг. Яг үүнтэй адил сэтгэл зүйн гэмтэл цочролд орсон хүний мэдрэхүй хаагдмал болно. Зарим даван туулагчид “манан дунд байгаа юм шиг” гэж ч дүрслэх нь бий. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдрэмж, мэдэрхүйгээсээ тусгаарлагдана гэсэн үг юм. Бодит амьдралд бодитоор хандах чадвараа алдана. Дотоод мэдрэмж, зан үйл хийгээд гадаад ертөнцөөс тусгаарлагддаг юм. Тухайн даван туулагчийн сэтгэл зүйн байдал одоо цаг дээр байж чадахгүй, зөвхөн өнгөрсөн хүчирхийлэлт орчин, үйл явдал дээр “гацсан” байдалтай хэзээ айдас түгшүүр ирэх бол хэмээн тархинд УЛААН ГЭРЭЛ байнгын АСААЛТТАЙ байна. Энэ нь даван туулагчийн хүчирхийллийн үр дагаварыг даван туулж буй үйл явц.

Сэтгэл зүйн хувьд: гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг (complex PTSD), сэтгэл гутрал, айх, сандрах, цочих, нойргүйдэх, хар дарж зүүдлэх, түгших, байнгын “хэт хөөрлийн” байдалд байх, эсвэл гөлөрөнги, гэнэт хэт сэтгэлээр унах гэх мэт.

Зан үйлийн өөрчлөлт: эрүүл аюулгүй харилцааг хэрхэн бий болгохоо мэдэхгүй, бусадтай хэрхэн эрүүл харилцахаа мэдэхгүй, гэр эсвэл сургуулиас дайжих, сурлагад өөрчлөлт гарах, эрэгтэй хүнээс айх, зайлсхийх, ямар нэг сөрөг зан үйлд донтох, орондоо шээх (бага насны хүүхэд). Хийх дуртай байсан үйлдлээ хийж чадахгүй байх, санаатайгаар болон санамсаргүйгээр нийгмийн харилцаанаас зайлсхийх гэх зэрэг багтана.

Оюун санааны хувьд: хүчирхийлэлт өнгөрсөн үйлдлүүд гэнэт бодогдох — тухайн үйл явдал болж буй мэт хүчтэй бодол, мэдрэмж, мэдрэхүйг (бие махбодь) мэдрэнэ. Өнгө, дуу хоолой, чимээ, үнэр гэх мэт бүгд яг л тухайн орчинд орсон мэт бодол байнга эргэлдэнэ. Улмаар өдөр тутмын амьдралд нөлөөлнө.

Бие махбодийн хувьд:

· Хүчингийн гэмт хэргийн улмаас жирэмслэх

· Архаг өвдөлт,

· Ходоод гэдэсний өвчин

· Эмэгтэйчүүдийн өвчин

· Миграйн болон бусад толгойны өвчин

· Бэлгийн замын халдварт өвчин

· Савны хавдар

· Бамбай булчирхайн үрэвсэл

· Бэлэг эрхтэний гэмтэл

Хүчирхийллийн хор уршиг хүний амьдралын бүхий л шатанд ямар нэг байдлаар илрэн нөлөөлах магадлалтай тул мэргэжлийн мэргэшсэн сэтгэл зүйч, клиник нийгмийн ажилтанаас сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ авах нь чухал. Ингэхдээ мэргэжлийн мэргэшсэн практик нийгмийн ажилтан, эсвэл сэтгэл зүйчээс тусламж авах нь зүйтэй. Тухайн мэргэжилтэнүүд сэтгэцийн гэмтэл, цочрол (trauma)-оор нарийн мэргэшиж байнга өөрсдийгөө хөгжүүлж байдаг. Иймд танд тусламж дэмжлэг хэрэгтэй бол тухайн мэргэжилтэний төгссөн сургууль болон мэргэшсэн байдалыг бүрэн асуух эрхтэй. Trauma-informed practice/therapy буюу сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл засалын аргачлалаар ажилладаг байх ёстой юм. Яагаад гэвэл хохирогч, даван туулагчидтай ажиллахад сэтгэл засалын нарийн арга зүй байдаг ба бүх сэтгэл засалын аргачлал тохирохгүй.

Мөн ямар ч мэргэжилтэн мэргэжлийн ЁС ЗҮЙГ БАРИМТАЛДАГ байх хэрэгтэй. Үүнд, ХЭЗЭЭД АЮУЛААС СЭРГИЙЛЖ, ӨРТҮҮЛЭХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ЧАРМАЙХ (do no harm), үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгалах гэх зэрэг хамгийн наад захын зарчимууд баримтладаг байх ёстой.

Ингэсэнээр ирээдүйд гарч болзошгүй эрсдэлд зан үйлээс сэргийлэх ба чанартай амьдархуйг эхлүүлэх, хүчирхийлэлд өөрийгөө буруутгахгүй болох юм. Сэтгэл заслын үйлчилгээний үр дүнд өөрийгөө буруутгахгүй, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх чадварт суралцах нь чухал.

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хор уршиг нь хувь хүн хийгээд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байдаг тул бид ямагт урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

--

--

Khongorzul Amarsanaa
Khongorzul Amarsanaa

Written by Khongorzul Amarsanaa

Bilingual psychologist, specialised in trauma.

No responses yet